АГААР БОХИРДУУЛАХ БОДИСЫН ТАЙЛБАР
Агаарын чанарын индекс
ХҮХЭРЛЭГ ХИЙ (SO2):
Шинж чанар: Өнгөгүй, хурц үнэр, амттай, урвалд идэвхтэй ордог хий.
Гол эх үүсвэр: Нүүрс, газрын тос зэрэг хүхэр агуулсан түлшний шаталт, металл боловсруулах үйл ажиллагаанаас үүсдэг.
- Хүлцэх агууламж 50 мкг/м3 - 24 цагийн дунджаар тооцов.
ТООСОНЦОР (PM10):
Шинж чанар: Тоосонцор нь агаар дахь нарийн ширхэгтэй тоос, шингэний жижиг дуслуудаас бүрдэнэ.
Гол эх үүсвэр: Байгалийн болон хүний үйл ажиллагааны явцад тоосонцор агаарт шууд хаягдахаас гадна өөр бусад хийн бохирдуулагчид агаарт хоорондоо нэгдэн хувирч тоосонцорыг үүсгэнэ.
Тоосыг хэмжээнээс нь хамааруулаад PM10, PM2.5, PM1.0 гэж ангилж судалдаг байдаг.
- 2.5 микрометр /мкм/-ээс бага аэродинамик диаметр бүхий тоосонцрыг “Нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5” гэдэг.
- 2.5-10 микрометр /мкм/ хэмжээтэй тоосонцрыг “Том ширхэглэгт тоосонцор буюу PM10” гэдэг.
- Хүлцэх агууламж 100 мкг/м3 - 24 цагийн дунджаар тооцов.
АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ (NO2):
Шинж чанар: Өнгөгүй, бага зэрэг таагүй үнэртэй хий бөгөөд агаар мандалд их агууламжтай байх үед бор шаргал, улаан хүрэн өнгөтэй болж, урвалд идэвхтэй ордог. Азотын давхар исэл нь агаар дахь дэгдэмхий органик нэгдэл зэрэг хүчтэй исэлдүүлэгчийг үүсгэнэ.
Гол эх үүсвэр: Аливаа түлшний өндөр температурт шатах үед үүсдэг ба автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг. Агаарын бохирдлын эх үүсвэрээс ялгарсан азотын исэл (NO) агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдэхэд үүснэ.
- Хүлцэх агууламж 50 мкг/м3 - 24 цагийн дунджаар тооцов.
НҮҮРС ТӨРӨГЧИЙН ДУТУУ ИСЭЛ (CO):
Шинж чанар, Гол эх үүсвэр: Үнэргүй, өнгөгүй хий бөгөөд ихэвчлэн түлш, шатахууны дутуу шаталт мөн ой хээрийн түймэр, үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүснэ.
- Хүлцэх агууламж 30 мг/м3 - 1 цагийн дунджаар тооцов.